card

Ази-Европ тивийг холбох ИСТАНБУЛ

Бүгд Найрамдах Турк Улс

Ази-Европ тивийг Босфорын хоолойгоор холбосон Истанбул хот Хар тэнгис, Мармара, Эгийн тэнгис гэсэн 3 далайгаар хүрээлэгддэг. Газар нутгийн 3 хувь нь Европ талдаа, 97 хувь нь Ази талдаа харьяалагддаг. Ром, Визант, Османы эзэнт гүрний нийслэл хот байсан ба 1600 жилийн туршид 120 гаруй эзэн хаан, султанууд ноёрхон захирч байсан. Харин Османы эзэнт гүрний уналтын дараа 1923 онд Мустафа Кемаль Ататурк хувьсгал хийн гарч ирж нийслэлээ Анкара руу нүүлгэсэн ч Истанбул хот олон зууны туршид хуримтлуулсан түүх соёлоо алдаагүй ба далай тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаараа эртнээс өнөөг хүртэл чухал худалдааны төв байсаар ирсэн юм.

Султан Ахмедийн сүм

Энэхүү сүм нь Ахмед I засаглалын үед 1609-1616 онд баригдсан. Дотор талын ханыг цэнхэр өнгийн хавтангаар чимсэн байдаг учраас "Хөх сүм" гэж мөн нэрлэдэг. Архитектор Седефкар Мехмед Ага нь өөрийн мастер Синангийн санааг нэгтгэж гайхалтай, сүр жавхлант сүм барихыг зорьсон. 5 үндсэн болон давхар 8 бөмбөгөр орой, 6 цамхагтай. Византийн болон Исламын архитектурын хэв маягийг хооронд нь уялдуулан шингээсэн бөгөөд өнөөдөр энэхүү барилга нь дэлхийн архитектурын үлгэр жишээ бүтээл болсон. 

Аяа София сүм 

Аяа София нь “Ариун мэргэн ухаан” гэсэн утгатай. Энэхүү сүмийг 537-1453 онд сүмийн зориулалтаар ашиглаж, 1931 оноос хойш музей болгосон. 1520 он хүртэл бараг мянган жилийн турш дэлхийн хамгийн том сүм байсан. Византын үеийн хамгийн алдартай Христийн сүм байсан бөгөөд XV зуунд Османы эзэнт гүрэн эзлэн авсаны дараагаар исламын сүм болгон өөрчилсөн байна. Ийнхүү Христийн дөрвөлжин сүмийн онцлогийг устгаж үгүй болголгүй исламын бөмбөгөр оройтой сүм болгож дэлхийн соёл урлагийн сор болгон үлдээжээ. 

Гранд базаар 

1461 онд  агуу их Султан II Мехмед "Гранд Базаар" захын үндэс суурийг анх тавьсан. Дэлхийн хамгийн том, эртний битүү захуудын нэг бөгөөд 30,700 м2 талбайд, 61 гудамж, 4,000 гаруй дэлгүүртэй, 26 мянган хүн ажилладаг бөгөөд өдөрт 250,000-400,000 хүн үйлчлүүлдэг. Энэхүү захаас алт мөнгөн эдлэл, дурсгалын зүйлс, хувцас даавуун эдлэл гэх мэт бүхий л зүйлс худалдан авах боломжтой. 

Долмабаxче ордон

Османы эзэнт гүрний 31 дүгээр Султан I Абдулмечидийн захиалгаар 1843-1856 оны хооронд баригдсан Туркийн хамгийн том ордон Долмабаxче нь нийт 45,000 м2  буюу 11.1 га газрыг хамарсан. Ордон нийт 285 өрөө, 46 заал, 6 уламжлалт ванн болон 68 ариун цэврийн өрөөтэй. Загвар хийцийн хувьд уламжлалт Османы архитектурыг Европын архитектурын Неоклассик, Рококо болон Барокко хэв загвартай нэгтгэн шинэ өнгө төрхийг бий болгосон байна.