card

Хуучны төрхөө алдаагүй алтан ПРАГА

Бүгд Найрамдах Чех Улс

Прага нь Чех улсын нийслэл, Европын Холбооны 13 дахь том хот, төв Европын улс төр, соёл, эдийн засгийн төв бөгөөд баялаг түүхтэй. Романскийн үед байгуулагдаж, Готик, Сэргэн мандалт, Бароккийн эрин үед цэцэглэн хөгжиж байсан Прага бол Богемийн Вант улсын нийслэл бөгөөд хэд хэдэн ариун Ромын эзэн хаад ялангуяа Чарльз IV хааны амьдран суудаг гол газар байсан. Мөн Хабсбургийн хаант засаглал, Австри-Унгарын эзэнт гүрний хувьд чухал хот байв. Богеми ба Протестант шашны шинэчлэл, Гучин жилийн дайн, XX зууны түүхэн дэх Чехословак улсын нийслэл байсан зэргээрээ чухал үүргүүдийг гүйцэтгэсэн. Олон тооны гүүр, сүм дуган, алтан оройтой цамхагууд хуучны төрхөө алдаагүй Прага хотыг ид шидийн мэт санагдуулна. Моцарт амьдран сууж Прага Симфони, Дон Жиованни уран бүтээлүүдээ туурьвиж байсан төдийгүй алдартай хөгжмийн зохиолчид олноор төрөн гарсан нь энэ хотод хөгжим, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлсэн. 

Прага цайз 

IX зуунд байгуулагдсан цогцолбор бүхий энэхүү цайз нь Чехийн хаад, ариун Ромын эзэн хаад, Чехословакийн ерөнхийлөгч нарын ордон байсан ба одоо бол Чех улсын Ерөнхийлөгчийн ордон юм. Богемийн титэм, үнэт эдлэлүүдийг доторх нууц өрөөнд хадгалдаг. Гиннесийн дээд амжилтын номонд дурдсанаар "Прага цайз" бол дэлхийн хамгийн том, эртний цайз бөгөөд 70,000 м2 талбайтай, урт нь 570 метр, 130 метр өргөн байна.

Гэгээн Витусын сүм 

Энэхүү Ромын католик сүм нь готик архитектурын тод жишээ бөгөөд тус улсын хамгийн том, хамгийн чухал сүм юм. Чехийн олон хаад, ариун Ромын эзэн хаадын булшийг агуулсан уг сүм нь Прага цайзын цогцолборын нэг хэсэг ба Чехийн засгийн газрын мэдэлд байдаг. Цогчин дуганы хэмжээ нь 124x60 метр, гол цамхаг нь 102.8 метр өндөр, урд цамхагууд 82 метр, нуман хаалганы өндөр 33.2 метр юм. 

Чарльзын гүүр 

Прага хотын Влтава (Молдав) голын дээгүүр сүндэрлэх дундад зууны үеийн чулуун гүүр юм. 1357 онд Карл IV хааны ивээл дор энэхүү гүүрийг барьж эхлэн XV зууны эхэн үед дуусчээ. 516 метр урт, 10 метр өргөн бөгөөд 3 цамхагтайгаас гадна 30 хөшөө баримлаар чимэглэсэн байдаг. 1841 он хүртэл Влтава голыг гатлах цорын ганц зам байсан энэхүү гүүр нь Прага цайз, хуучин хотын төвийг болон зэргэлдээ газруудыг холбосон хамгийн чухал холбоо байжээ.

Вацлавын талбай

Прага хотын бизнес, соёлын хөгжиж буй шинэ хотын төв хэсэг ба энд жагсаал цуглаан, тэмдэглэлт баяр болон бусад олон нийтийн арга хэмжээний үеэр хүмүүс олноор цугладаг хөл хөдөлгөөн ихтэй газар юм. Богемийн гэгээнтэн Вацлавын нэрэмжит энэхүү талбай нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.

Астрономийн цаг 

Хуучин хотын танхимын хананы урд байрлуулсан дундад зууны үеийн энэхүү одон орны цагийг 1410 онд суурьлуулсан бөгөөд одоог хүртэл цохилж буй дэлхийн хамгийн эртний "Астрономийн цаг" юм. Цагны механизм нь үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй ба нар, сарны байрлал, одон орны тэмдэглэгээ, дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг заадаг.