Октоберфест анх үүссэн түүхтэй МЮНХЕН
Бүгд Найрамдах Герман УлсБавари мужийн нийслэл Мюнхен хот нь Берлин, Хамбург хотуудын дараа орох Германы 3 дахь том хот юм. Мюнхен бол дэлхийн урлаг, шинжлэх ухаан, технологи, санхүү, хэвлэн нийтлэх, соёл, инноваци, боловсрол, бизнес, аялал жуулчлалын төв бөгөөд амьдралын чанарын үзүүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Мюнхений эдийн засаг нь өндөр технологи, автомашин, үйлчилгээний салбар, бүтээлч үйлдвэрүүд, биотехнологи, инженерчлэл, электроникийн салбарт суурилдаг. Тус хотод BMW, Siemens, MAN, Linde, Allianz, MunichRE зэрэг олон үндэстэн дамнасан компаниуд байрладаг. Энд мөн судалгааны хоёр их сургууль, олон тооны эрдэм шинжилгээний байгууллагууд, Дойчесийн музей, BMW-ийн музей зэрэг дэлхийн түвшний технологи, шинжлэх ухааны музей байрладаг. Мюнхений олон тооны архитектур, соёлын үзмэрүүд, спортын арга хэмжээнүүд, үзэсгэлэнгүүд, жил бүр болдог Октоберфест баяр нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.
Marienplatz
Энэхүү талбайг Есүсийн эх Мариягийн нэрээр нэрлэдэг ба 1158 оноос Мюнхен хотын төв талбай болсон. Хойд талд нь Шинэ хотын танхим (Neues Rathaus), зүүн талд нь XIV зууны үеийн барилга болох нео-готик хийцтэй Хуучин хотын танхим (Altes Rathaus) байдаг. Хуучин хотын танхимын байр жижигдээд байсан тул 1874 онд Шинэ хотын танхимыг барьсан байна. Хуучин байранд одоо Европ болон Америкийн түүхэн ер бусын тоглоомын музей байдаг. 1908 онд хийгдсэн 110 жилийн настай "Glockenspiel" цаг 11 болон 17 цагт, зундаа 12 цагт дуугарч гүн Wilhelm V-ын хуримын ёслолыг харуулсан 32 баримлаас бүрдэх хөдөлгөөнт үзүүлбэрийг харуулдаг.
Октоберфест
Хамгийн анхны Октоберфест шар айрагны баяр 1810 оны 10 сарын 17-нд болж байсан түүхтэй. Тэр үеийн Баварийн ван Людвиг ба Тереза гүнжийн хурим болох гэж байгааг тохиолдуулан энэ наадмыг явуулсан байдаг. Тэр цагаас хойш Мюнхений ойролцоох нугыг Тереза гүнжийн нэрээр "Theresienwiese" гэж нэрлэх болсон төдийгүй нуга гэсэн утгатай "Wiesen" гэсэн үг нь Октоберфестийн хоёр дахь нэр болж хувирсан юм. Ийнхүү Терезагийн нуга гэж нэрлэгдсэн газар тус бүртээ хэдэн мянган хүн багтаах чадвартай 16 ширхэг асар майхан байрлуулна. Эдгээрээс хамгийн том асар гэхэд л нэг зэрэг 11 мянган хүн сууж шар айраг тухлан уух боломжтой аварга том байгууламж юм. Мөн үүнээс гадна 500 хүртэл хүн багтаадаг бага асар, 20 гаруй павильон байрлуулдаг. Энэ бүхний үр дүнд Октоберфестийн асар, павильонуудад нэг удаад 119 мянган хүн зэрэг суун тухлаж, шар айраг ууж, зайдас, гахайн тагалцаг идэж жил бүр энэхүү баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг.
Allianz Arena