card

Ромео, Жульеттагийн түүхтэй ВЕРОНА

Бүгд Найрамдах Итали Улс

Хагас мянган жилийн тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болж мөнхрөн, дэлхий даяар дуурсагдсан хайр дурлалын сонгодог бүтээл болох алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта” зохиолд гардаг зохиомол улсын нийслэл хот нь өнөөгийн Итали улсын зүүн хойд хэсэгт орших Верона хот юм. Венето мужийн 2 дахь том хот ба 206,63 км2 нутаг дэвсгэртэй. 2000 жилийн түүхтэй хотын хөгжин цэцэглэлт, архетиктурын шийдлээрээ Юнескогийн Дэлхийн өвд багтсан бөгөөд түүнчлэн “Жижиг Ром” хэмээн ихэд алдаршсан юм.
Итали болон Хойд Европын хооронд гол стратегийн замын уулзвар дээрх байрлалаас хамаарч МЭӨ 89 онд Ромын колони болсон байна. Дараагаар нь Остготууд, Византийн эзэнт гүрэнд эзлэгдэж байжээ. XV- XVIII зуунд Венецийн бүрэлдэхүүн хэсэг болон ихэд цэцэглэн хөгжсөн. 1814 онд Наполеоны дайны дараа Австрийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон бөгөөд эцэст нь 1866 оноос хойш Италийн вант улсын бүрэлдэхүүнд орсон байна.

Верона арена

Ромын үеийн энэхүү задгай театр нь МЭ I зуунд баригдсан ба өмнө нь 30,000 хүний багтаамжтай байсан ч одоо харин аюулгүй байдалд анхаарч 15,000 хүний багтаамжтай болсон. Гадна тал нь 152x123 метр хэмжээтэй зууван хэлбэртэй бөгөөд Колоссей болон Капуаны дараа орох Ромын 3 дахь том амфитеарт юм. Олон улсад томоохон хэмжээний дуурийн тоглолтууд болдогоороо алдартай юм.

Жульеттагийн байшин

Энэхүү байшинг Dall Cappello гэсэн нэртэй гэр бүл эзэмшиж байсан нь Шекспирийн алдарт "Ромео, Жульетта" зохиолд гардаг Жульеттагийн Capuleti нэртэй төстэй байсан болохоор ингэж нэрлэх болжээ. XIII зуунд баригдсан хэмээн үздэг бөгөөд их засвар хийгдсэний дараа 1997 оноос музей болгон олон нийтэд үзүүлэх болсон. Жульеттагийн хүрэл хөшөө нь илүү жуулчдын анхаарлыг татдаг ба түүний баруун хөхөнд хүрэх нь аз авчирдаг хэмээн билэгшээдэг.