Загварын хот МИЛАН
Бүгд Найрамдах Итали УлсУлсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөл бөмбөгийн Милан, Интер гэсэн хоёр багаараа дэлхийд алдартай хот юм. Милан нь Италийн 2 дахь том хот ба Ломбарди мужийн нийслэл бөгөөд 181.76 км² газар нутагтай. Милан хотыг Италиар “Милано” буюу “Төв хот” гэдэг. МЭӨ V зуунаас эхлэн маш олон удаагийн эзлэн түрэмгийлэлд өртөж байсан бөгөөд 1162 онд томоохон тулаан болсноос хойш тогтворжжээ. XVIII зуун гэхэд Миланд дуурийн урлаг хөгжиж эхэлснээр дэлхийн алдартнууд болох Моцарт, Верди нарын эрхмүүд цуглах болсон байна. 1796 онд Милан хотыг Наполеон булаан авч Италийн нийслэл болгожээ. Удалгүй Австрийн эзэн хааны гарт орсон ч 1859 онд Итали улс нэгдэхэд хоёр дахь том хот болон хөгжсөн юм.
Миланы сүм
Милан хотын төв талбайд байрлах "Duomo di Milano" нь 1386-1965 оны хооронд зургаан зууны туршид баригдсан түүхтэй Ромын католик сүм юм. Готик загвартай, гантиган сүмийн барилга хамгийн олон архитектур, инженерийн гар дамжсан гэдгээрээ дэлхийн уран барилгын түүхэнд бичигддэг ба 78 орчим архитектур, инженер оролцсон байдаг. 108 метр өндөртэй, 92 метр өргөнтэй, 158.6 метр урттай, 40,000 хүний багтаамжтай. Италийн хамгийн том сүм ба Европдоо хоёрт, дэлхийд дөрөвт ордог. Сүмийн оройгоос авахуулаад нийтдээ 3159 орчим хөшөө, баримлуудыг агуулсан байдаг.
Galleria Vittorio Emanuele II
Италийн анхны эзэн хаан Виктор Эммануил II нэрээр нэрлэгдсэн дэлхийн хамгийн анхны худалдааны цогцолборуудын нэг юм. Архитектурч Джузеппе Менгонигийн загвараар 1865-1877 оны хооронд баригдсан. Барилга нь латин загалмайн хэлбэртэй бөгөөд дотроо брэнд дэлгүүрүүд, ресторан, кофе шопууд байхаас зарим үед гадна талдаа янз бүрийн тоглолт болон үзэсгэлэн болдог.