card

Альпийн нурууны ноён оргил сүндэрлэх ШАМОНИ

Бүгд Найрамдах Франц Улс

Шамони нь Францын зүүн өмнөд хэсэгт орших Рона-Альп мужид харьяалагддаг нэгэн коммун юм. 1924 онд дэлхийн анхны Өвлийн олимп Франц улсын Шамони тосгонд болж байсан ба энэ үеэс эхлэн Шамони тосгон нь олон улсын жуулчдын тэр дундаа спорт, адал явдал эрэлхийлэгчдийн анхаарлын гол төв болсон. Европын экстрем спортын нийслэл хэмээгдэх Шамони нь дэлхийн хэмжээний цанын баазтай төдийгүй ууланд авирагчдын зорин очдог газруудын нэгээр хэдийнээ алдартай болсон билээ. Мөн энд Альпийн нуруу болон Баруун Европын ноён оргил болох “Мон Блан” уул сүндэрлэнэ.

Альпийн нуруу нь Франц, Швейцар, Итали, Монако, Лихтенштейн, Австри, Герман, Словен зэрэг 8 улсыг дамнан 1200 км үргэлжилдэг. Франц хэлээр "Цагаан уул" гэсэн утгатай "Мон Блан" нь Франц, Итали 2 улсыг дамнан оршдог бөгөөд 1957-1965 оны хооронд 2 улсыг холбох 11.6 км тунел байгуулсан. 4810 метр өндөртэй ба Шамонигоос кабль караар 2 дамжин Aiguille du Midi /Үд дундын зүү/ оргил руу 3842 метр өндөрт үүлнээс дээш гарч байгалийн яруу сайхныг тольдон хардаг. 1786 оны 8 сард Жак Балмат болон Мишель Пакард нар анх удаа авиралт хийж байсан түүхтэй.