card

Дэлхийн энх тайвны нийслэл ЖЕНЕВ

Швейцарын Холбооны Улс

Швейцарын 2 дахь том хот Женев нь Рон гол, Женев нуураас тусгаарлагддаг хэсэгт байрладаг ба Альпийн нуруу, Жура гэсэн 2 уулсаар хүрээлэгддэг. 15.92 км² газар нутагтай. Франц хэлийг түлхүү хэрэглэдэг хот юм. Женев нь дэлхийн дипломат харилцааны төв юм. Энд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрладаг. Олон улсад Женевийн конвенцуудаар нь сайн мэднэ. Амьдрахад хамгийн тааламжтай хотуудын нэгд тооцогддог. Мөн дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг юм.

Усан оргилуур 

Женев хотын билэг тэмдэг болсон "Jet d'Eau" усан оргилуурыг анх 1886 онд нуурын захад байгуулсан бөгөөд тухайн үедээ 30 метр хүртэл оргилдог байжээ. 1891 онд Швейцарын Холбооны 600 жилийн ойг тэмдэглэхээр одоогийн байгаа газарт шилжүүлсэн байна. 1951 онд усан оргилуур нь нуурнаас шууд ус авдаг шинэ шахуургын системд холбогдсоны дараа 140 метр хүртэл оргилох болсон ба секундэд 500 литр ус цацруулдаг. 

Цэцгэн цаг 

Дэлхийд алдартай Швейцарийн цаг үйлдвэрлэгчиддээ зориулан мөн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын билэг тэмдэг болгон 1955 онд уг цагийг зохион бүтээсэн байдаг. Энэ бол техникийн, дизайн урлагийн, цэцэрлэгжүүлэлтийн гээд олон талын ур ухааныг илтгэх бүтээл юм. Дугуй диаметр нь 5 метр ба жилийн турш өөрчлөгдөж нийтдээ 6500 цэцэгсээр хийдэг. 

Нэгдсэн Үндэстний Байр

Женев дэх НҮБ-ын байр нь 4 гол оффисын нэг бөгөөд Нью Йорк дахь төв байрны дараа 2 дугаарт эрэмбэлэгддэг: 1966 оноос Европ дахь НҮБ-ын гол төв байр болсон байна. Энд жилдээ 8000 орчим хурал, чуулган болдог. Үүнээс 600 орчим нь олон улсын томоохон хуралд тооцогддог.

Урд талбайд байрлах 12 метр өндөртэй аварга том сандлыг 5.5 тонн мод ашиглан хийжээ. 1997 онд мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй удсан гэнэ. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж талбай дээр байрлуулсан түүхтэй. Олон нийт конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл байсаар байна. Мөн хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар хуралддаг ч бодит байдал дээр энх тайван хугархай хөлтэй сандал шиг тогтворгүй байгаа гэдгийг илэрхийлэх болжээ.