Хайр дурлалын хот ПАРИС
Бүгд Найрамдах Франц УлсХоёр мянга гаруй жилийн өмнө Сена мөрний хөвөөнд байгуулагдсан Парис хот нь Францын нийслэл төдийгүй хамгийн их хүн амтай хот юм. Сена мөрөн Парис хотыг хойд баруун, зүүн 2 эрэг болгон хуваах бөгөөд засаг захиргааны хуваарийн хувьд 20 дүүрэгт хуваагдан, Иль-де-Франс бүсийн төвд оршино. Бусад Европын орны нийслэлтэй харьцуулахад харьцангуй бага 105 км² газар нутагтай.
Парис хотоор урсах Сена мөрөн дээр 37 гүүр сүндэрлэдэг. Гүүр болгон нь түүх, цаг үеэ гэрчлэх өнгө төрхтэй. Эртний хаадын ордон, дээдсийн хүрээллийн сууц, олон зууны туршид баригдсан сүм дуган гээд бүх зүйлийг хэдий үед баригдсан тэр үеийн байдлаар нь хадгалан байнга сэргээн засварлаж байдаг.
3 нисэх онгоцны буудал, 6 толгой төмөр замын буудалтай ба Франц улсын зам тээврийн чухал зангилаа цэг болдог. Сена мөрний эргийн нэг хэсэг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтдаг.
Эйфелийн цамхаг
Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулсан 1889 оны Дэлхийн үзэсгэлэнд зориулан баригдсан ба инженер Густав Эйфелийн нэрээр нэрийдсэн. 2 жил, 2 сар, 5 өдрийн хугацаанд баригдаж 1889 оны 03 сарын 31-нд нээлтээ хийсэн ба 41 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан юм. Антены хамт нийт 324 метр өндөртэй, 3 давхар ба 10,100 тонн жинтэй. 5 цахилгаан шаттай ч гэсэн цамхагийн дээд давхар хүртэл алхаж гарах боломжтой 1665 шаттай. 2 давхарт Франц маягийн ресторан, 1-2 давхрын дунд түргэн хоолны буфет, харин дээд давхарт оргилуун дарсны бар байдаг. Салхинд 6-7 см хэлбэлзэлтэй ганхаж байдаг. 7 жилд нэг удаа будгийн ажил хийгддэг ба 60 тонн будаг зарцуулдаг байна.
Луврын музей
Дундад зууны үеэс эзэн хаадын амьдардаг шилтгээн байсан Луврын ордонг үе үеийн хаад буулгаж, өргөтгөж зассаар 1600-аад оны үед өнөөгийн төрхөө олжээ. Харин XIV Лью хаан Версалийн хааны ордон руу нүүж энэ ордон хааны эртний урлагийн бүтээлийн цуглуулгыг хадгалж, үзүүлэх болсон. Хожим 1981 онд сэргээн засварлаж, ордны төв талбайд том шилэн пирамид нэмсэн. Дэлхийд хамгийн их хүн үздэг энэ музейд “Мона Лиза”-гаас эхлээд алдартай уран зураг, баримал, эрдэнэсийн цуглуулга, эртний Египет, Грек, Ромын дурсгалууд хадгалагдаж байдаг. Лувр гэдэг нь “Чонын ой” гэсэн утгатай.
Ялалтын хаалга
Австрилицийн дайнд ялалт байгуулсаны дараа 1806 онд Наполеон Бонапарт энэхүү хаалгыг Францын хувьсгал болон Наполены дайны үед амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулан барих тушаал гаргаж 1806-1836 оны хооронд баригдсан түүхтэй. 50 метр өндөртэй, 45 метр өргөнтэй уг хаалганд Франын түүхэн дэх 4 үйл явдлыг тэмдэглэсэн уран баримал байхаас гадна хаалганы гадна болон дотор талд ялалтын жагсаалт, цэргийн удирдагчдын нэрс зэргийг сийлсэн байдаг.
Ариун зүрхэн сүм
Парис хотын хамгийн өндөрлөг цэг Монмартад сүндэрлэх Ром-Византийн үеийн хэв маягаар 1875-1914 онд баригдсан "Sacré-Cœur Basilica" буюу “Ариун зүрхэн сүм” нь Парисын дарь эхийн сүмийн дараа ордог хамгийн их жуулчид зочилдог газар юм.
Зураачдын хотхон
Moulin Rouge
Дэлхийн экспогийн үеэр 1889 онд Парис хотод нээгдэж байсан түүхтэй. Энэхүү газар нь кабаре шоугаараа алдартай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод хөгжимт бүжгийн үзүүлбэрийг толилуулан хүргэдэг.
Элисейн өргөн чөлөө
Эртнээс уламжлалтай төрийн захиргааны байгууллага байрлаж ирсэн энэ өргөн гудамж Парисын хамгийн олон хүн цуглардаг газар бөгөөд ресторан, кино театр, алдартай брэндийн дэлгүүрүүдээр дүүрэн байдаг. Конкордын талбайгаас Ялалтын хаалга хүртэл 1.9 км үргэлжилдэг.