Европ тивийн заавал үзэх ёстой 20 үзвэр

 

20. Версалийн Ордон | Версаль, Франц

XVI зууны төгсгөлд Версаль бол Парисын ойролцоох жижигхэн тосгон байв. Лью XIII хааны ан хийдэг байсан энэхүү газарт түүний хүү Лью XIV хааны ордныг бариулсан. Тус ордон музейтэй танилцсанаар Франц улсын түүхийг илүүтэй мэдэж авахаас гадна хаан түүний гэр бүлийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийн хамт тансаг ордонтой танилцана. Одоо ордонг зөвхөн музей хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд Францын хамгийн алдартай үзвэрүүдийн нэг юм. 

 

19. Стоунхенж | Уилтшир, Англи

МЭӨ 3000-2000 оны хооронд баригдсан балар эртний хөшөө дурсгал бөгөөд Европын хамгийн ер бусын үзэсгэлэнт газруудын нэг юм. Англи улсын Уилтшир хотын Салисбери, Амесбери хооронд байрлах бөгөөд босоо чулуун тойргон цогцолбор юм. Энэхүү чулуунууд нь тус бүр ойролцоогоор 25 тонн жинтэй, 4 метр өндөр. Энэ газрыг 1986 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн байна.

 

 

18. Парисийн Дарь Эхийн Сүм | Парис, Франц

Францын Готик архитектурын хамгийн сайн жишээнүүдийн нэг бөгөөд Франц дахь хамгийн том сүмүүдийн нэг юм. Сүмийн сан хөмрөгт Христийн шашны Католик урсгалын олон чухал дурсгалууд байдаг. Үүнд: Ариун хумс, жинхэнэ загалмайн хэлтэрхий, өргөст титэм гэх мэт. Сүмийн барилгын ажил 1163 онд эхлээд 1345 онд ашиглалтанд орсон. 

 

17. Треви Усан Оргилуур | Ром, Итали

Дэлхийн хамгийн алдартай усан оргилууруудын нэг бол Ромын "Треви" усан оргилуур  юм. Энэхүү усан оргилуур нь ойролцоогоор 30 метр өндөртэй, 50 метр өргөнтэй бөгөөд анх 1629 онд VIII Пап лам өөрийн хүсэлтээр бариулсан байна. Жуулчид энд өөрсдийнхөө хүслийг шивнээд усан оргилуур руу зоос шиддэг. "Усан оргилуур дахь гурван зоос", "La Dolce Vita" гэх мэт олон кинонд Треви усан оргилуур гардаг. 

 

 

16. Гранд Базаар | Истанбул, Турк

"Гранд Базаар" нь дэлхийн хамгийн эртний захуудын нэг билээ. Агуу их хаан Фатих Султан Мехмет 1464 онд анхлан энэ газрын шавыг тавиулж байжээ. 58 гудамж, 4000 гаруй дэлгүүртэй энэхүү захыг дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт хагас сая хүн зорьж ирдэг байна. Эндээс та алт мөнгөн эдлэл, дурсгалын зүйлс, хувцас даавуун эдлэл гээд бүх төрлийн бараа худалдаж авах боломжтой.

 

15. Амальфи эрэг | Амальфи, Итали

Амальфи эрэг нь Европын үзэсгэлэнт газруудын жагсаалтанд заавал орох газрын нэг билээ. Толгод дээр байрлах пастелээр будсан жижиг байшингууд, ер бусын гайхалтай далайн үзэмж нь нэгэн гайхалтай өнгө төрхийг бий болгосон байна. Амальфи эрэг нь Салерно мужид байрладаг бөгөөд 1997 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд бичигдсэн. Мөн энэ газар өнгөт керамик, гар хийцийн цаас зэргээрээ алдартай. 

 

 

 

14. Анна Франкийн Гэр | Амстердам, Нидерланд

Эмгэнэлт шалтгааны улмаас Анна Франк нь Европын түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон бөгөөд энэхүү музей түүний дурсгалд зориулагдсан билээ. XVII зууны үеийн энэхүү байшинд Анна Франк болон түүний гэр бүл Дэлхийн II дайны үед нацистын хавчлагаас нуугдан амьдарч байжээ. 1960 онд дээрх байшинг музей болгон олон нийтэд нээсэн. 1957 онд түүний бичсэн өдрийн тэмдэглэлийг хэвлүүлсэн байна.

 

13. Гранд Канал | Венец, Итали

Бид бүхэн Венецийг "Гранд Канал" дундуур гондола завин дээр сууж, түүн дээр зогсож буй живэр сахалтай Итали эр сэлүүрдэн явж байгаагаар төсөөлдөг. Венец хотод 118 жижиг арлын нэгдэл, 177 канал буюу суваг байдаг хэдий ч "Гранд Канал" бол тус хотын гол усан зам юм. Энэхүү канал нь 3,8 км урттай. Нийтийн тээврийн хэрэгсэлд усан замыг ашигладаг. Үүнд: Алдарт гондола, усан автобус, хувийн усан такси гэх мэт байдаг. 

 

 

12. Систин сүм | Ватикан

Ромын Папын албан ёсоор оршин суудаг “Элч ордон” буюу "Apostolic Palace"-д орших "Sistine Chapel" хэмээх жижиг сүм юм. XV зуунд сүмийг Баксио Понтелли, Жованни Долчи нар барьсан. Энэхүү сүм нь шашны болон түүхэн ач холбогдолтойгоос гадна жуулчид зочилдог бас өөр нэг шалтгаан бол гайхалтай бишрэм ханын зураг. Уг зураг нь алдарт Микеланжелогийн “Сүүлчийн шүүх” хэмээх бүтээл юм.

 

11. Писа Цамхаг | Писа, Итали

1173 онд "Писа цамхаг"-ийг дөнгөж барьж эхэлсний дараа хойд зүг рүү хазайж эхэлсэн байна. Ойролцоогоор 100 жилийн дараа буюу 1272 онд дахин барьж эхлэхэд хазайж байгаа нь илт мэдэгдэж урд зүг рүү хазайх болжээ. Цамхаг нь 7 метр өндөр, 14453 тонн жинтэй бөгөөд 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдсэн. 

 

 

10. Гэгээн Маркийн Сүм | Венец, Итали

"Гэгээн Маркийн сүм" нь Византийн уран барилгын гайхамшгийг харуулсан хосгүй бүтээл юм. Тиймээс ч ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн. Сүмийн орой дээгүүрх чулуун сийлбэр, дотор талын таазны алтаар чимэглэсэн зургууд нь энэ бүхнийг хэдэн зууны өмнө яаж бүтээсэн бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлнэ. "Гэгээн Маркийн сүм"-ийг анх  826 онд загалмай хэлбэртэйгээр бариулж эхлүүлсэн бөгөөд 1063 онд Доминико Контарини өргөжүүлэн барьсан. 

 

9. Альпийн Нуруу

Альпийн нуруу нь Франц, Итали, Швейцарь, Лихтенштейн, Словени, Герман, Монако, Австри зэрэг нийт 8 улсыг дамнан оршдог ба 1200 км үргэлжилдэг. Альпийн нурууны хамгийн алдартай, өндөр оргил нь Францын зүүн өмнөд хэсэгт Шамоникс тосгонд байрлах 4810 метр өндөр "Мон Блан" юм. Францын Шамоникс тосгонд 1924 оны өвлийн анхдугаар олимпийг зохион байгуулж байсан түүхтэй. Альпийн нуруу нь өвлийн спорт, ууланд авиралт, байгальд дурлагсдын гол зорин очдог газруудын нэг.

 

 

8. Ван Гогийн Музей | Амстердам, Нидерланд

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн ихээр судлагдсан зураачдын нэг бол Винсент Ван Гог юм. Ван Гогийн музей нь Амстердам хотноо 1973 онд нээгдсэн бөгөөд дэлхийн алдартай урлагийн музейнуудын нэг билээ.

 

7.  Британийн Музей | Лондон, Их Британи 

Британийн түүх, соёлыг харуулсан "Британийн музей" 1753 онд анх нээгджээ. Тус музей ойролцоогоор 8 сая гаруй үзмэртэй ба Их Британи гэлтгүй дэлхийн бүхий л цаг хугацааны түүх, соёл иргэншлийг харуулсан дэлхийн хамгийн том музейн нэг билээ. Музейг жил бүр 6.7 сая гаруй хүн ирж сонирхдог.

 

 

6.  Афины Акрополис | Афин, Грек

Грекийн нийслэл Афин хотын төвд 150 метр орчим өндөр тэгш гадаргуу бүхий хадан дээр байрлах уран барилгын цогцолбор дурсгал юм. "Акрополис" руу орох үүдний сүмийг Пропиле гэх бөгөөд сүрлэг олон шатаар өгсөж гарах ба урд хэсэгт ялалтын бурхан Никэгийн сүм байна. Дайны эмэгтэй бурхан Афина Прамакусын 9 метр өндөр аварга том жад барьсан сүрлэг хөшөө ч мөн угтана. Энэхүү хөшөө нь Афиныг үүрд хамгаалах утга санаатай. 1987 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.

 

5. Букингемийн Ордон | Лондон, Их Британи

Лондонд зочилсон хүн бүрийн заавал үзэх газрын нэг бол "Букингемийн ордон". 1703 онд Букингемийн гүнтэн бариулсан бөгөөд анхдаа Букенгемийн байшин хэмээн нэрлэдэг байсан. 1761 онд III Жорж хаан уг байшинг хатан Шарлоттод зориулан худалдан авсан байна. XIX зууны туршид нилээдгүй өргөтгөлийг хийсэн. 1837 онд Хатан хаан Викториягийн үед Британийн хааны ордон болгосон.

 

 

4. Луврын Музей | Парис, Франц

Дундад зууны үеэс эзэн хаадын амьдардаг шилтгээн байсан Луврын ордонг үе үеийн хаад буулгаж, өргөтгөж зассаар 1600-аад оны үед өнөөгийн төрхөө олжээ. XIV Луй хаан Версалийн ордон руу нүүх болсноос хойш энэ ордон хааны эртний урлагийн бүтээлийн цуглуулгыг хадгалж, дэлгэн үзүүлэх газар болжээ. Хожим 1981 онд сэргээн засварлаж, ордны төв талбайд том шилэн пирамид зохиомж нэмсэн. Дэлхийд хамгийн их хүн үздэг энэ музейд “Мона Лиза”-гаас эхлээд алдартай уран зураг, баримал, эрдэнэсийн цуглуулга, эртний Египет, Грек, Ромын дурсгалууд хадгалагдаж байдаг.

 

 

3. Саграда Фамилиа | Барселон, Испани

"Саграда Фамилиа" буюу “Ариун гэр бүл” хэмээх сүм нь архитектурч Антони Гаудийн бүтээлүүдийн нэг. Гаудийн Каталан загвараар 1882 онд Паула дэ Виллар барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд жилийн дараа Гауди барилгын ажлыг удирдан хийх болсон. Харин анхны загвараа бүрэн өөрчилж Nouveau болон Готик архитектурын хэв загварыг хослуулсан байна. 1923 онд Гауди нас барахад барилгын жижиг хэсэг л бүрэн дууссан байв. 2026 онд сүмийн барилгын ажлыг бүрэн дуусгахаар зорин ажиллаж байна. 

.

 

 

2. Коллосиум | Ром, Итали

Ромын үеийн алдарт "Коллосиум" нь дэлхийн хамгийн том төв цэнгэлдэх хүрээлэн юм. МЭӨ 70-72 онд баригдаж эхлээд 80 онд дууссан. Ромын эзэнт гүрний үед баригдсан хамгийн том байгууламж болох "Коллосиум" нь 50,000 үзэгчийн суудалтай. Эрэлхэг гладиатарууд болон арслан барсын тулааныг зохион байгуулдаг байсан энэ газар одоо жуулчдын хамгийн их очих дуртай газар болсон.

 

1. Эйфелийн Цамхаг | Парис, Франц

Францийн нэрт зохиолч Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэгдсэн, мөн Парисын төмөр хатагтай ч гэгдэх энэхүү цамхагийг 1887 онд барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18 мянган хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбосон бөгөөд 1889 оны 5-р сарын 6-нд барьж дуусгасан. 1930 оныг хүртэл "Эйфелийн цамхаг" дэлхийн хамгийн өндөр бүтээн байгуулалт байсан.

.

 

"ПИЙК ТРЭЙВЭЛ" ХХК, 2019 он